Мэндчилгээ

Apr 20, 2023

Монгол орны геологийн түүх “Монгол-Алт” ХК-ийн хамт олонтой салшгүй холбоотой билээ. Геологийн судалгаа, хайгуул эрчимтэй өрнөж эхэлсэн тэртээ 1973 онд Дархан хотод “Алтны экпедиц” байгуулагдсан үеэс Монгол Улсын эрдэнэсийн санг арвижуулах байгалийн нөөц баялгийг нээн илрүүлэх, олборлох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тасралтгүй үргэлжлүүлсээр 50 жилийн түүхийг “Монгол-Алт” ХК-ийн хамт олон бүтээжээ.

            Геологи, уул уурхайн салбар Монгол Улсын хөгжлийн гол найдвар, тулгуур болж байсан нийгмийн шилжилтийн хүнд он жилүүдэд геологи хайгуулын экспедицийн мэргэшсэн хамт олноо түшиглэн “Монгол-Алт” Нээлттэй Хувьцаат компанийг байгуулснаар нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд зохицон шинэчлэгдэж ажлын байр хадгалах, үр ашигтай ажиллах, үйл ажиллагааныхаа хүрээг олон салбарт өргөтгөн тэлж, эрсдлээс хамгаалах зэрэг хариуцлагатай сорилтуудыг чадварлаг удирдлагын баг,  хөдөлмөрч хамт олны зүтгэлээр даван туулсан амжилтаар бид 50 дахь жилийнхээ ойгоо угтаж байна.

             Дархан хотын “Алтны экспедиц”-ээс эхэлсэн түүх Монгол-Алт ХК-ийн хамт олны ажил мэргэжилдээ үнэнч, зорилгодоо тууштай, тэсвэр хатуужилтай чанар, цуцашгүй их хөдөлмөрийн үрээр зуун дамжин уламжлагдаж, бахархам амжилт, эрхэм үнэт зүйл, хамтдаа зорих ирээдүйг цогцлоожээ.

Монгол-Алт ХК өнөөдөр Дархан, Сэлэнгийн бүс нутагт худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуй, боловсролын салбарт тэргүүлэх аж ахуйн нэгж болон өргөжиж, Монгол Улсын хэмжээний шилдэг амжилтуудын эзэн, их айл болон өргөжжээ.           

Та бүхний бүтээсэн баялаг өв, үнэт зүйлс, үйл хэргийг үргэлжлүүлэн хөгжүүлж, өртөөлөн буухиалахдаа залуу үе итгэл дүүрэн байна.

            Монгол-Алт ХК XXI зууны технологийн дэвшил, аж үйлдвэрийн хувьсгалтай хөл нийлүүлэн алхаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээн байгуулагч, бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэгч Үндэсний тэргүүлэгч аж ахуйн нэгж болох алсын хараа, эрхэм зорилгодоо эрмэлзэл дүүрэн цуцалтгүй тэмүүлж байна.

Оюун ухаан, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөөрөө Монголын геологийн салбарын хагас зууны түүхийг бичилцсэн геологичид, геофизикчид, геохимичид, уурхайчид, инженжер техникийн ажилтнууд, Монгол-Алт ХК-ийн нийт хамт олондоо түүхт 50 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэж, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхын билэгтэй ерөөлийг дэвшүүлье.

 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                        М.ЦОЛМОН