Товч танилцуулга

Монгол Алт ХК нь 1973 оны 01-р сарын 01-ны өдөр Дархан хотод "Алтны экспедиц" нэртэйгээр улсын хэмжээний алтны эрэл хайгуулын төрөлжсөн судалгаа явуулах зорилготой, 1961-1072 онуудад Толгойт, Ерөө, Бугантай, Сангийн, Шаварт хоолой, Их-Алтат, Бүхлэй, Галгатай, Шоргоолж, Ялбагийн голуудын алтны шороон ордуудын эрэл хайгуулын ажил явуулж байсан хайгуулын суурин ангийн баазад түшиглэн байгуулагдсан. 1992 онд Улсын өмч хувьчлалын комиссын тогтоолоор хувьчлагдан, геологийн судалгаа, алт олборлолт, худалдаа зуучлал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх хувьцаат компани болон зохион байгуулагдсанаас хойш улсын төсөв, өөрийн хөрөнгө, гаднын байгууллагын захиалгаар геологийн төрөл бүрийн судалгааны ажлыг явуулахын зэрэгцээ газар тариалан, хүнс бараа техникийн худалдаа үйлчилгээ, авто засвар, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Түүхэн замнал

Өдгөөгөөс 50 гаруй жилийн тэртээ БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс Монгол Улсын нутаг дэвсгэрт явагдаж байгаа геологийн хайгуулын ажлын үр ашгийг дээшлүүлэх, ажлын цар хүрээг өргөтгөх, аргачлалын хувьд нэгдмэл удирдлагатай болгох улмаар алтны эрэл хайгуулын ажлыг өргөжүүлж байгааг харгалзан энэ чиглэлээр дагнан ажиллах, шинээр байгуулагдах алтны үйлдвэрүүдийг нөөцөөр хангах төрөлжсөн экспедицийг байгуулах шаардлагатай гэж үзэн 1972 оны 499 дүгээр тогтоолоороо Сэлэнгэ Дархан, Ерөө голын сав газарт алтны шороон ордны эрэл хайгуулын ажил гүйцэтгэж байсан Улаанбаатар хотын Геологийн Удирдах газрын харьяа Бэрлэгийн хайгуулын 1-р ангийн боловсон хүчин, техникийн бааз суурийг түшиглэн Дархан хотод “Алтны экспедиц”-ыг анх байгуулагдсанаар манай компанийн түүх эхэлсэн юм.

Энэ хугацаанд Хойд Хэнтийн алтны хүдэржилтийн бүсийн Бугант, Их алт, Бүхлэй, Ялбаг, Бэрлэг, Хүдэр, Хүйтэн, Шарын гол, Мандал-Гацуурт, Бороо, Зуун мод, Заамар зэрэг хүдрийн дүүрэг талбайнуудад хайгуулын шат дараалсан ажлыг гүйцэтгэж, алтны 60 шахам ордыг шинээр нээсэн ба 80 гаруй тонн алтны нөөцийг үйлдвэрийн зэргээр тогтоосон нь улсын нийт баланслагдсан алтны 50 гаруй хувийг эзэлдэг.

Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн түүхий эдийн бааз болох Баянгол, Төмөртэйн төмрийн хүдрийн ордод урьдчилсан хайгуулын ажил, Заамарын хүдрийн дүүрэгт Бумбатын алтны үндсэн ордын хайгуул, Нарийн голын илрэлд эрэл үнэлгээний ажлыг тус тус явуулсан юм.

Түүнчлэн Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл, Увс, Дархан-Уул, Сүхбаатар, Дундговь аймгуудын нутагт 1:50 000 масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж, олон арван илрэл, эрдэсжсэн цэгүүд илрүүлж үнэлгээ хийсэн байна.

Хойд Хэнтийн алтны хүдэржилтийн бүсийн геологийн судалгааны материалыг нэгтгэн дүгнэж, 1:200 000 масштабын геологийн зураг, 1:50 000 масштабтай алтжилтын зураглалыг гаргасан ба улсын төсвийн хөрөнгөөр Монгол-Алтайн өнгөт, үнэт ховор төмөрлөгийн прогноз-метеллогений зураг зохиох сэдэвчилсэн судалгааны ажлыг манай геологичид амжилттай гүйцэтгэсэн юм.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн чөлөөт эдийн засгийн харилцаат шинэ нийгэмд шилжиж эхэлсэн 1990 оноос геологи хайгуулын ажилд зарцуулдаг төсвийн санхүүжилт зогсож, геологи хайгуулын суурин 4 анги, лаборатори, тээвэр засвар үйлчилгээний авто гараж зэрэг байгууллагын үндсэн нэгжүүдийн үйл ажиллагаа зогссоноос нийт 500 гаруй ажилтан ажилчид ажлын байргүй болох нөхцөл байдал бий болсон хүнд үед байгууллагын орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх, ажлын байр бэлтгэх зорилгоор Заамарын районд ажиллаж байсан Туулын 3-р ангийн материаллаг баазад түшиглэн Цагаанбулаг, Тосонгийн дэнжийн алтны шороон ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл, алт олборлох төсөл боловсруулан хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрч Туулын баруун дэнж, Их ноёны зүүн салаа зэрэг ордуудад 2200 гаруй кг алт олборлон Монгол улсын эрдэнэсийн санд тушаасан юм. Үүний үр дүнд ашиг орлого тогтвортой нэмэгдэж, бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх, геологи уул уурхайн үйл ажиллагааны чиглэлийг бие даалгах, ХАА-н үйлдвэрлэл, авто оношилгоо, засвар болон худалдаа үйлчилгээ, боловсролын салбарын байгууллагыг шинээр нээн ажиллуулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг шат дараалан авч хэрэгжүүлэх боломж гарсан.

Энэ ажлын хүрээнд Дархан Тээвэр ХК-ийн хуучин объектыг засварлан худалдаа үйлчилгээний төв болгосон нь нийт 1100 орчим ажлын байрыг бий болгож, Дархан-УУл болон Сэлэнгэ аймгийн олон мянган иргэдэд тохь тухтай орчинд олон төрлийн үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлж байна.

1970-1980 онуудад улсаас үүрэг болгосон төлөвлөгөөт даалгаврыг жил, таван жилээр тогтмол ханган биелүүлж тухайн үеийн төр засгийн дээд байгууллагаас зарласан уралдаанд удаа дараа шалгарч, дурсгалын медаль диплом, бүх ард түмний социалист уралдаанд шалгарч диплом, шилжин явах туг, мөнгөн шагнал, салбарын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн шагналаар удаа дараалан шагнагдаж байсан бол 1990-ээд оноос хойш хувийн хэвшил зонхилсон зах зээлийн чөлөөт эдийн засагтай шинэ нийгмийн хөгжил дэвшилттэй хөл нийлүүлэн урагшилж, Монгол Улсын Засгийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулан шалгаруулдаг топ 100 аж ахуйн нэгж, топ 50 шилдэг аж ахуйн нэгжээр удаа дараалан шалгарч, Татварын ерөнхий газрын дээд шагнал “Найдвартай татвар төлөгч” хөх дэвтэр, БОЯ, АМХЭГ-ын “Байгаль орчноо хамгаалагч тэргүүн байгууллага”, Төв аймгийн засаг даргын “Байгалийн нөхөн сэргээгч тэргүүний хамт олон” өргөмжлөл зэрэг шагнал, хүндэтгэлүүдээр тус тус шагнагдаж улс орон нутгийн төсөв бүрдүүлэлтэд дорвитой хувь нэмэр оруулсаар ирсэн байна. тус компанийн ажлын амжилт бүтээл бүхэн үе үеийн геологичид, уурхайчид, нийт ажилтан ажиллагсдын нөр их хөдөлмөр хичээнгүй зүтгэл идэвх чармайлт, мэдлэг туршлага, ур чадварын үр дүн юм.

Түүхэн энэ хугацаанд манай хамт олны хөдөлмөрийн амжилтыг төр засгаас үнэлж, төрийн соёрхлоор 5 хүн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор 4 хүн Алтангадас, Хөдөлмөрийн хүндэт, засгийн газрын жуух бичиг Салбарын тэргүүний геологич зэрэг тэмдэг одон медалиар олон хүмүүс шагнагдсан.

1997 оноос газар тариалангийн салбар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Сэлэнгэ аймгийн Хушаат суманд 1200 га эргэлтийн талбайд улаан буудай тариалж, ХАА-н техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чанар, ажиллагсдын ажиллах нөхцөлийг сайжруулснаар 1 га талбайгаас авах ургацын хэмжээ жилээс жилд нэмэгдэж 2012 онд 1 га тутмаас 30,5 центнер ургац хурааж авсан байна. Цаашид орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх үе шаттай зорилт тавин ажиллаж байна.

Өнөөгийн байдлаар “Монгол Алт” компани 148 ажиллагсадтай Монгол улсын томоохон аж ахуйн нэгж болон өргөжиж, үйл ажиллагаагаа тогтвортой амжилттай явуулж байна.

Дархан хотын “Алтны экспедиц”-ээс эхэлсэн түүх ажил мэргэжилдээ, зорилгодоо үнэнч, цуцашгүй хөдөлмөрч, ямагт хийж бүтээхийн төлөөх чин сэтгэлтэй эвсэг хамт олны хүчээр зуун дамжин уламжлагдаж бахархах түүх, эрхэмлэх үнэт зүйл, хамтдаа бүтээх ирээдүйг цогцлоожээ.